Back

Экс гишүүн П.Алтангэрэлийн хэлж байгааг буруутгах аргагүй

Оюутолгойн ногдол ашигт ирэх 3 их наядаас 2 их наядыг ирэх жилийн төсөвт шингээж зарцуулах нь Баялгийн Сангийн хууль, цаашлаад Үндсэн хуулийн зөрчил рүү түлхэж байгаа. Гэтэл одоогийн байдлаар 15 аймагт сургуулийн дотуур байр нэг тус бүрийг нь 17 тэрбумаар барихаар нийт 256 тэрбумыг, угсаатны музей барихад 35 тэрбумыг, аймгуудын дулааны цахилгаан станцуудад 150 тэрбум, боловсрол болоод эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжид 75, мөн 50 тэрбум төгрөг тавьчихсан байгаа талаар төсөв мөшгөөд гаргасан баримтууд бий.

Гэхдээ Оюутолгойн ногдол ашгийг ингэж зарцуулна гээд нэг дор жагсаагаад тавьчихсан юм байхгүй, “от” гээд жижигхэнээр тэмдэглээд энэ бүгдийгээ тараан байршуулсан байсан юм. Бас бүхэл бүтэн 300 хүүхдийн сургуулийг 10 тэрбумд барьдаг мөртлөө дотуур байрыг болохоор 17 тэрбумд барих хэрэгцээтэй гэж үзсэн нь сонин. Мөн өөр аймагт 18 тэрбумаар барьдаг музейг Сүхбаатар аймагт яагаад 35 тэрбумаар барих болчихов гээд асуулт их бий.

Их багын асуудлыг орхилоо гэхэд анх удаа Оюутолгойгоос ногдол ашиг авч байж үүнийгээ хууль зөрчөөд өөр зориулалтаар зарцуулчихбал цаашдаа буруу жишиг тогтоно. Энэ талаар хэвлэл, олон нийт дуугараад ирэхээр Ерөнхий сайд Н.Учрал бичлэг хийн ямар төсөлд хөрөнгө оруулах гэж байгаагаа тайлбарлаж, E-Mongolia дээр иргэдээс санал авсан мэт харагдах оролдлого хийж эхлэв.

Иргэд, олон нийтийн хувьд Оюутолгойгоос авах ногдол ашгийг ирэх жилийн төсөвт багтааж ашиглахыг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд ингэж хууль зөрчих юм бол Баялгийн санд ч биш, бидний дансанд өг хэмээн адарч байгаа билээ. Тойргоо услах гэсэн гишүүдэд сонгуулийн бэлтгэл болгож тэр мөнгийг гаргаснаас бидэнд шууд өг гэж хүмүүс бухимдаж байна.

Хуулийг зөрчих ийм аюултай. 2025 онд нүхээ малтсан нэмэлт өөрчлөлт оруулсан нь биш анх Баялгийн сангийн үзэл санаа ямар байж, ямар хууль баталсан нь чухал юм.

Үнэхээр Засгийн газрын түвшиндээ хуулиа үл тоож, зөвхөн өнөөдрийн уушиг болгож ашиглах гэж байгаа бол иргэд бас тэгж хандаж байгаа нь аргагүй. Тэд өнөөдрийн эрх баригчид тэр мөнгийг зөв зохистойгоор ашиглана гэдэгт итгэхгүй байгаа учраас зөвхөн өөрсдийнхөө дансанд авахыг зөв гэж үзэж байна.

Уг нь 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд УИХ-аар батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулинд уул уурхайгаас орж ирсэн ногдол ашгийн тодорхой хэсгийг Хуримтлалын санд татаж, иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд бүртгэнэ гэж заасан. Ингэхдээ бэлэн мөнгөөр өгөх биш харин иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хэрэгцээнд дэмжлэг үзүүлэхэд ашиглана гэж заасан байдаг. Гэтэл Засгийн газар өөрсдөө төсөв рүү татсанаас болоод асуудал иймд хүрэв.

Өнгөрсөн зургадугаар сард Оюутолгойн хэлэлцээр явж байх үед ногдол ашгийн талаар анх мэдэгдсэн бөгөөд монголчууд 2037 оныг хүлээлгүй 2026 оноос авахаар боллоо гэж бахархалтайгаар зарласан. Харин хэлэлцээр өндөрлөхөд Ерөнхий сайд Н.Учрал 2027 оноос авах болсныг зарлаж, иргэд энэ жилээс гэсэн чинь яалаа гээд багагүй бухимдаж байсан билээ. Гэхдээ тэгж загнуулан зэмлүүлэн байж 2027 гэсний учир зөвхөн ирэх жилийн төсөвт авч ашиглах гэсэнтэй холбоотой байсан нь одоо харагдаж байна.

Тэгэхдээ бүр гуравны хоёрыг нь шүү. Шинэ залуу Ерөнхий сайд Монголын улс төр, төрд легаси үлдээхийг хүсч байгаа бол хуулийг хууль мэт ханддаг, мөрддөг энэ зарчмыг үлдээх ёстой. Гэрээ байгуулаад 17 жилийн хугацаанд авч чадаагүй Оюутолгойн ногдол ашгийг цаашид монголчууд их багаар хүртээд явах нь тодорхой. Гэхдээ зөв жишиг одоо л тогтоохгүй бол дараа дараагийн Засгийн газар яг үүн шиг хандана гэсэн үг. Энэ нь эгээ олсон мөнгөө хоол болгож идчихээд, дараагийн ажил орж иртэл хоосон байдаг сэтгэлгээний ядууралтай чадруухан айл шиг харагдаад байна.

Оюутолгойн ногдол ашгаас нэг хүний 857 мянга гэхэд дундаж гэр бүл 3-4 сая төгрөгтэй болчихно гэж тоо бодож байгаа иргэддээ ингэж бэлнээр авах боломжгүй. Баялгийн санд орох хуультай гэж хэлмээр байгаа ч Засгийн газар нь өөрөө энэ бүхнийг эхлүүлсэн байхад яаж иргэддээ тэгж хэлж чадах билээ. Хамгийн гол нь төрийн нэрийн өмнөөс төсөв санд хураагаад иргэдийнхээ төлөө биш намынхаа төлөө зарцуулж, эрх мэдэлтэй дарга нар, тэдний хамааралтай хүмүүст тэр мөнгө очоод байгаа учраас иргэд маань дансандаа авна гэж хатуурхаж байна.

УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаад өдгөө мотоцикль унаж, мод тарьж, мал хариулж яваа П.Алтангэрэл хүртэл “Цаагуур чинь хулгай хийцгээж л байна уу гэж мэнд мэдэх шахам болсон ийм цаг үед ОТ-н ногдол ашиг иргэн бүрийн дансанд орох нь зөв” гэж нүүр номдоо бичсэн байна лээ.

Учир мэдэх хүмүүс хүртэл ингэж бичиж байгаа нь төр нь төр шиг байж чадалгүй, хуулиа чандлан мөрдөж чадахгүй байгаатай холбоотой юм. Экс гишүүн П.Алтангэрэлийн бичсэнийг буруутгах арга алга, иргэд бүгд ингэж бодох дээрээ тулж. Оюутолгойн ногдол ашгийг 2027 оны төсөв рүү оруулж завааруулах дээрээ хүрвэл иргэдийнхээ дансанд оруулж, хоол хүнс цаашлаад ялгадас болоод алга болсон ч хамаа алга.

Хэн нэгэн эрх мэдэлтэн рүү биш ядаж айл бүрийнхээ яндангаар утаа болоод гарах юм даа.

The post Экс гишүүн П.Алтангэрэлийн хэлж байгааг буруутгах аргагүй appeared first on Өрөг.МН - Монголын хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл .

The full article is being collected. Available text is shown for now.

Back
Share this story

Get the daily newsletter →

Ask globalread.info

AI news & website helper
What would you like to explore?

I can find stories, explain headlines, or help you use globalread.info.

AI can make mistakes. Check the linked sources. Questions are sent to OpenAI.