"Z" үеийнхэн шөнийн амьдралыг юугаар сольж байна вэ?

Судалгааны мэдээллээр, Z үеийн залуусын бараг тал хувь нь согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Харин хэрэглэдэг нь өмнөх үеийнхэнтэйгээ ижил насандаа байсантай харьцуулахад бага, цөөн удаа хэрэглэдэг байна. Үүнд эрүүл амьдрах хүсэл төдийгүй шөнийн цэнгээний соёлоос залхсан байдал нөлөөлжээ. Үүний оронд залуус өдрийн үдэшлэг буюу “софт-клаб”-д оролцож, DJ-ийн хөгжимд бүжиглэн, согтууруулах ундаагүй коктейль ууж байна. Мөн шөнийн клубийн оронд өглөөний цагаар зохион байгуулдаг, кофегоор үйлчилдэг “кофе-рейв” үдэшлэгүүд түгээмэл болжээ.
“Найт-ин” нь зөвхөн гэртээ оройг өнгөрүүлэх биш, амьдралын хэмнэлээ өөрчлөхийг хэлнэ. Залуус шөнө бааранд суухын оронд өглөө найзуудтайгаа гүйж, шөнийн клубт бүжиглэхийн оронд өдрийн бүжгийн хичээлд явж, кафед хамтдаа өглөөний цай уухыг илүүд үзэх болжээ. Ийм хэв маяг нь нойрны чанарыг сайжруулж, түгшүүрийг бууруулахад тусалж болох юм. Тогтворгүй, завгүй амьдралын дунд эрт босох, өглөөний тогтсон дадалтай байх нь өөрийн амьдралыг удирдаж буй мэдрэмжийг нэмэгдүүлдэг.
Залуусын сонголт өөрчлөгдөхийн хэрээр зарим баар, клуб үйлчилгээнийхээ чиглэлийг шинэчилж, фитнес студиуд өглөөний үдэшлэг зохион байгуулах болжээ. Мөн брэндүүд нойр, спорт, сэтгэлзүйн сайн сайхан байдлыг дэмжсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг илүүтэй сурталчилж байна. Зарим хүнд энэ амьдралын хэв маяг уйтгартай санагдаж болох ч “Z” үеийнхний хувьд энэ нь зугаа цэнгэлээс татгалзаж байгаа хэрэг биш. Харин шуугиантай шөнийн оронд тайван үдшийг, шарталтын оронд эрч хүчтэй өглөөг, түр зуурын танилын оронд чин сэтгэлийн яриаг сонгож буй хэрэг юм.
The full article is being collected. Available text is shown for now.